Wednesday, March 1, 2017

Засгийн газрын дотоод үйл ажиллагаанд реинжиниринг хийх нь.
Электрон засгийн газрын G to G модуль

Төрийн байгууллагуудаас төрийн байгууллагатай харилцах, үйлчилгээ үзүүлэх буюу Электрон засгийн газрын G to G модулийн зорилго, зорилт, үндсэн чиг үүрэг, Монгол улсад тохирох хавсарга шийдвэрүүд, манай засгийн газраас энэ чиглэлд хийсэн алхмуудын сайн болон дутагдалтай тал, цаашид хийвэл зохих зүйлсийн талаар тодруулан гаргах нь өнөөгийн чухал шаардлага болоод байна.
Электрон засгийн газрын “төрийн байгууллагаас төрийн байгууллагад” үйлчилгээний үндсэн чиг үүргийг
·         засгийн газрын ажлын зардлыг хямдруулах:
·         засгийн газрын дотор баримт бичиг боловсрогдох, дамжин өнгөрөх хугацааг хурдасгах:
·         төрийн тодорхой байгууллага, албан тушаалтан, албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх:
·         албан хаагчдын хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх:
·         авилгалаас урьдчилан сэргийлэх
хэмээн тодорхойлж болно.
Төрийн удирдлагын XXI зууны шинэ загвар болох электрон засгийн газрын боломж, чиг үүргийг задлан шинжлэхдээ түүний дараах шинжид онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Электрон засгийн газар нь зөвхөн иргэд, төрийн байгууллагын хоорондын харилцааг өөрчлөөд зогсохгүй засгийн газрын дотор-түүний бүтцийн салаа мөчир, түвшин, салбар нэгжүүдийн хоорондын харилцааг өөрчилдөг.  Энэ өөрчлөлтөд зөвхөн гүйцэтгэх засаглалын сүлжээний дэд бүтэц төдийгүй төрийн засаглал, төрийн удирдлагын дэд бүтэц бүхэлдээ хамрагддаг. Энэ үүднээс электрон засгийн газрыг электрон төр улс, төрийн электрон аппарат, төрийн электрон дэд бүтэц, мэдээллийн нийгмийн төр хэмээн олон янзаар нэрлэж болно.
Электрон засгийн газрын тухай, тэр дундаа G to G модулийг нэвтрүүлэх тухай ярихдаа юуны өмнө бүх түвшний төрийн байгууллагуудын удирдлагын үйл явцыг мэдээлэлжүүлэх, салбар хоорондын харилцааг мэдээлэлжүүлэх, эдгээр байгууллагуудаас иргэд, бизнесийн бүтэцтэй хамтран ажиллах бүх чиг үүргийг хангаж чадах компьютерийн систем бий болгох тухай яригдаж байгааг түрүүлэн анхаарах ёстой.  Хэрэв төрийн байгууллагуудад электрон, цаасгүй солилцоо, баримт бичгийн боловсруулалт хэрэгжээгүй бол засгийн газрын доторхи тухай ажиллагаа электрон, цаасгүй хэлбэрээр хэрэгжсэн гэж үзэх аргагүй. Ганц нэг ажиллагааг, тухайлбал электрон шуудангаар захиа явуулах, түүнийг дахин хэвлэн авч гарын үсэг зуруулахаар зохих даргад өргөн барих нь засгийн газрыг электрон гэж нэрлэх үндэслэл биш.
Мэдээллийн технологийг ашиглах, мэдээллийн нөөцийг бий болгохоос гадна  зохих эрх зүйн хэм хэмжээг батлан гаргахыг электрон засгийн газрын үзэл баримтлал шаарддаг.  Тэгэхээр электрон баримт бичиг бичгээр илэрхийлэгдсэн  баримт бичгийн электрон хуулбар төдийгүй мөн адил анхдагч, өөрөөр хэлбэл электрон хэлбэрээр ашиглаж, ажиллаж болох гол баримт бичиг мөн гэдгийг хуульчлан баталгаажуулах ёстой. Энэ нь юуны түрүүнд электрон тоон гарын үсгийн тухай, электрон баримт бичиг боловсруулалтын тухай, мэдээллийг хамгаалах тухай, төрийн албан хаагчдыг сургах, аттестатчилах тухай, төрийн байгууллагууд, мэдээллийн технологийн компаниудын харилцан ажиллагааны хэлбэр, мэдээллийн технологийн тухай хуулиудыг батлан гаргах шаардлагыг бий болгож байна.  Сүүлийн хоёр хууль маш чухал. Яагаад гэвэл бизнесийн бүтэц төрийн байгууллагын боломжит харилцаа, түүний хил хязгаарыг хуулиар зохицуулаагүй бол электрон засгийн газарт офф-лайн засгийн газрын дутагдлууд хэвээр хадгалагдах болно.
Электрон засгийн газар маш их зардал шаардана гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.  Мэдээж техник тоног төхөөрөмж (ажлын станц, сервер), лицензийн программ хангамж, засгийн газрын интранетийг хэрэгжүүлэхэд шаардагдах харилцаа холбооны дэд бүтэц, тусгайлан хандах үйлчилгээ, боловсон хүчнийг бэлтгэх, албан хаагчдыг сургах болон МХТ-ийн мэргэжилтнүүдийг татан оролцуулах, мэдээллийн аюулгүй байдлын нэгж байгуулах зэрэгт их мөнгө зарцуулна.
Энэ хэрэгцээг Монгол улсын засгийн газар бага багаар ойлгож эхэлж байна. Монгол улсын засгийн газрын дотор мэдээллийн автомат систем бий болсон ба энэ нь ажил хийхэд ямар их үр нөлөөтэй байгааг бүгд ойлгож байна. Тэрээр ажлыг зөвхөн хөнгөлөөд, хурдасгаад зогсохгүй ажлыг энгийн хялбар, зохистой болгон хувиргаж байна. Тун олон үйл ажиллагаа шинэчлэгдлээ. Урд нь бичиг баримт 2-3 долоо хоногийн дотор эзэндээ хүрдэг байсан бол одоо хамаагүй хурдан болжээ.
Мэдээж энэ бол засгийн газрын дотоод үйл ажиллагааг зохистой болгох электрон засгийн газрын боломжийг бүдүүлгээр тайлбарласан ойлголт. Гэхдээ л мэдээллийн технологийг засгийн газрын хэрэгцээ, шаардлагад ашиглах оролдло-гын аль нь ч эерэг зүйл. Хөшүүн хойрго бөгөөд үндсэн тактик, стратеги нь бюрократ хандлага байдаг дунд, жижиг түшмэдийн нөлөөл маш ихтэй төрийн аппаратад шинэ технологийг оруулна гэдэг маш хэцүү. Гол бэрхшээл нь хэн нэгэн эсэргүүцээд байгаа явдал биш. Маш их урсгал ачаалал төрийн байгууллагуудад байдаг. Хүмүүс цааснаас цаасанд гэсэн нэг л схемээр ажиллаад дасчихсан байдаг. Тэгвэл МХТ-нь ажлын энэ схемийг өөрчилж, ажиллагааг автоматжуулдаг. Энэ нь ажлыг хөнгөвчилж байгааг бүгд ойлгодог боловч шинэ зүйлд сурах цаг нь хүрэлцэхгүй, тиймээс сурч байх хооронд нь ямар нэг юм амжихгүй, цаг хугацаа алдана гэж ихэнх албан хаагчид айж байдаг.
Төрийн төв байгууллагуудын хувьд энэ нь нэг ч их том асуудал биш, шийдэж болох зүйл. Иргэдтэй ажиллах ажлын 75 хувийг нугалж байдаг шууд гүйцэтгэгч нарын ажилладаг дүүргийн түвшинд ажлын шинэ схемд шилжин ороход маш их асуудал гарч ирнэ. Гол нь ажлын цаг хүрэлцэхгүй явдал. Сумын түвшинд  бүр ч хэцүү. Тэнд техникийн асуудал нэмэгдэн орж ирнэ. Түүнчлэн ажлын схемийг өөрчлөхөд ч олон асуудал гарч ирнэ.  Одоо энэ талаар хийгдэж буй сургалтад зориулсан цагийн дөрөвний гурав нь хаашаа хандах вэ? Юу хийх вэ? Баримт бичгээ яаж бэлдэх вэ? яаж бичих вэ? яаж илгээх вэ? хэзээ өгөх вэ? гэдгийг хүмүүст тайлбарлахад зарцуулагдаж байна. Монгол улсын мэдээлэл холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал, МХТ-ийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төрийн удирдлагын бүх шатанд МХТ-ийг нэвтрүүлэх ирээдүйг тодорхойлсон боловч төрийн байгууллагуудад, тэр дундаа дүүргийн, орон нутгийн түвшинд авилгалыг урьдчилан сэргийлэх, хяналт тавих боломжийн тухай нэг ч үг орсонгүй.  Энэ бүх баримт бичгүүдэд электрон засгийн газрыг төрийн үйл ажиллагааг автоматжуулах нэг хэрэгсэл хэмээн дахин авч үзсэн болохоос төрийн бүтцийн бүх дамжлага, төрийг удирдах удирдлагын үйл ажиллагааны элемент бүрт хамаарах цоо шинэ хандлагыг илэрхийлсэн бүхэл бүтэн үзэл баримтлал гэж авч үзсэнгүй.
Орон нутгийн нөөцийг хянах, мониторинг хийх, сайтад орогсдын статистик,  үйлчлүүлэгчид болон мэргэжилтнүүдийн форум гэх мэт  электрон засгийн газрын шинэ схемүүдийг хяналтын механизм болгон ашиглах талаар үг ч орсонгүй. Yүнээс үзэхэд Засгийн газрын үйл ажиллагааг шинэчлэнэ гэсэн нэрийн дор мөнгө төдийгүй цаг хугацааны нэмэлт зардлыг шаардсан үнэтэй тоног төхөөрөмжийг нэвтрүүлж байна. Зарцуулсан хөрөнгийн хэмжээнээс харахад нарийн бичгийн дарга, бичиг хэргийн ажилтны нэг байрыг компьютержуулахад дунджаар 1500 орчим Америк доллар зарцуулж, мэргэжлийн түвшний компьютер, монитор авч өгсөн байна. Тэгвэл төрийн албан хаагч ажлын 8 цагаас илүү ажлын байран дээрээ байдаггүй. Түүнчлэн хамгийн их бүтээмжтэй, олон янзын программ хангамжийн хэрэгжээ байхгүй. Ямар ч тоглоом, ямар ч 3D дүрслэл нарийн бичгийн даргад хэрэггүй, баримт бичиг шивэх, электрон шуудангаар явуулахад Р-3 компьютер, Windows 98, 2000 хангалттай. Гэтэл манай төрийн ажилтнуудын ширээн дээр 17 инчийн орчин үеийн монитор, шингэн кристалл монитор, хэрэгтэй хэрэгггүй олон янзын программ хангамж суулгасан Р-4 компьютерууд зоогдох боллоо.
Аппарат хэрэгсэл, программ хангамжийн ийм их зардлын хариуд техникийн нөөцийг дээд зэргийн үр нөлөөтэй ашиглах схем бий болохыг хүлээх ёстой. Тухайлбал нэгдмэл болон хэд хэдэн дотоод сүлжээ, эсэхүл өөрийн серверийн бааз төрийн байгууллагуудад бий болох ёстой. Тэгвэл засгийн газрын хэрэгцээний нэг ч заалтад төсвийн энэ их зардлыг зөвтгөж буй тоног төхөөрөмж заагдаагүй байна. Өөрөөр хэлбэл электрон засгийн газар байгуулах стратеги, нэгдмэл ойлголт байхгүй мөртлөө төрийн удирдлагаас хэд хэдэн тактикийн алхам хийгээд байна. Тэгэхээр мэдээллийн нийгэм, түүний дотор электрон засгийн газарт хэрэгжиж буй МХТ-ийн боломжийг ойлгох нийтлэг ойлголт байхгүй байна гэсэн үг. Засгийн газрын нэгдсэн портал (суваг) ажиллуулж, төрийн байгууллагуудын сайтыг мэдээлэл сайтай болгох нь Монгол улсад электрон засгийн газрыг нэвтрүүлэх эхлэлийн шат юм. Тиймээс энэ сайхан эхлэлийг цааш нь хөгжүүлэхийн тулд суурь, стратегийн шинжтэй тогтоол гаргах шаардлагатай болжээ. Тогтоолд электрон засгийн газрын нэр томъёо, мэдээллийн бүтэц, интерактив үйлчилгээ, портал, сайт, тэдгээрийн харилцан үйлчлэлийн үйл явцыг тодорхойлсон онолын хэсгийг оруулах шаардлагатай. Тухайлбал энэ хэсэгт интернет сайтуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэмээн тооцох тухай заалт оруулах ёстой. Дараагийн хэсэгт аюулгүй байдлын асуудлууд, гуравдахь хэсэгт тусгаар системүүд, тухайлбал  Төв банкны сүлжээ, Санхүү-эдийн засгийн яамны сүлжээ, тэдгээрийн харилцан үйлчлэл, хөгжлийн асуудлуудыг оруулах нь зүйтэй. Дөрөвдэх хэсэгт Интернет ашиглан хэрэгжүүлэх төлбөр тооцооны боломжийн үндсийг тавина.
Гадны зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн Засгийн газрын нэгдсэн сүлжээ  Засгийн газрын ордонд мэдээллийн нэгдмэл орон зай бий болгож Засгийн Газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, ил тод байдлыг хангах нэмэлт нөхцлийг бий болгожээ. Энэ шинэ сүлжээ нь Засгийн газрын үйл ажиллагааг үр дүнтэй системчлэх, мэдээллийн ЗГ-ын сайтад өгөх ажиллагааг хурдасгах боломж бий болгожээ. Шинэ сүлжээ цаасгүй, элетрон баримт бичиг боловсруулалтыг нэвтрүүлэх, Ерөнхий сайдын захирамжийн биелэлтийн хяналтыг автоматжуулах ажлыг эхлүүлэх боломжийг олгож байна.
Дэлхийн ихэнх улсууд манай улсын сонгож авсантай адил замаар электрон засгийн газраа хөгжүүлсэн байна. Europe Know-how center for Local & Central government-оос гаргасан мэдээлэлд янз бүрийн түвшний засгийн газрын үйл ажиллагааг мэдээлэлжүүлэх төслүүдийг дэлхий хамгийн том компаниуд болох Microsoft, SAP, Oracle гэх мэт томчууд гүйцэтгэж байна. Ерөнхий ажил гүйцэтгэгчээр дэлхийд алдартай консалтингийн том фирмүүд шалгарч байна. Жишээлбэл Arthur Andersen болон Microsoft компаниуд Эстони, Латви, Литвийн засгийн газартай хамтран ажиллах нэгдэл байгуулсан байна. Болгарт олон улсын  Hewlett-Packard, IBM, Microsoft, Cisco Systems-ийн салбаруудын зөвлөл байгуулагдаж электрон засгийн газрын төслийг хэрэгжүүлж байна. Гэхдээ Болгарын мэдээлэл холбооны технологийн салбарын компаниудын холбоо (Bulgarian Association of IT Companies) захиалгыг хуваарилах үед эх орны компаниудын ашиг сонирхлыг харгалзан үзсэнгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн байна. Шотландын засгийн газрын департамент, агентлагуудын eProcurement системийг (http://www.scotland.gov.uk) английн Cap Gemini Ernst & Young болон Elcom International, Inc компаниуд хамтран гүцэтгэж өгөхөөр гэрээ хийжээ. Гэрээний ажил 7 жил үргэлжлэх ба Cap Gemini Ernst & Young ерөнхий ажил гүйцэтгэгчээр ажиллаж системийг төлөвлөн нэвтрүүлэх болно. Харин Elcom International, Inc технологийн платформуудыг, тухайлбал PECOS Internet Procurement Manager болон  eCommerce Network’s Dynamic Trading System-ийг  нийлүүлнэ. Тэгэхээр энэ нь уламжлал болон тогтсон зам гэж хэлж болно.
Үүнтэй холбогдуулан хэлэхэд электрон засгийн газрыг нэвтрүүлэхэд тохиолддог хавсарга асуудлуудыг шийдвэрлэх олон янзын арга зам бий. Тэдгээрийг сонгох явцдаа төсвийн нөөц, бололцоогоо голлон анхаарах ёстой. Электрон засгийн газрыг бий болгох хэрэгцээг ядахдаа хэсэгчлэн хангах хөрөнгө төсөвт байх ёстой. Эс тэгвэл түүнийг эхлүүлэх ч хэрэггүй. Ер нь электрон засгийн газрын төсөл маш их зардалтай зүйл учраас түүнийг зөвхөн төсөв дээр үндэслэн хэрэгжүүлнэ гэдэг Монгол улсын хувьд бүтэшгүй зүйл. Манай төсөв ийм зардлыг даахгүй. Иймээс гадаадын зээл тусламж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуупын оролцоог ашиглах механизм бий болгох шаардлагатай байна.  
Орчин үеийн төр өөрийн ямар нэг хийсвэр зорилгоо чиг баримжаа болгосон нийтийг хянах, цэрэгжсэн байгууллага байхаа больж иргэлдийнхээ амьдралыг сайжруулах, аюулгүй байдлыг нь баталгаажуулах, өөрийгөө илэрхийлэх боломжийг өгч буй үйлчилгээ, тэр дундаа үйлчилгээний чанараас нь хамааран үнийг нь иргэд төлдөг үйлчилгээ болон хувирчээ. Ийм төр өөрийн үйл ажиллагаа-гаа бизнесийн зарчмаар зохион байгуулах бөгөөд маркетингийн загварт төр хэмээн нэрлэгдэж байна. Эдийн засгийн дорой хөгжилтэй ч гэсэн  Монголын Засгийн газар бусад улсын засгийн газрын туршлагыг ашиглаж болно. Тухайлбал манай одоогийн нөхцөл байдалд АНУ-ын Колумби тойргийн Вашингтон хотын электрон засгийн газрын зохион байгуулалтын зарчмууд тохирч байна.
·         Иргэддээ хандсан чиг баримжаатай байх зарчим. Иргэд (татвар төлөгчид) засгийн газрын үйлчилгээг хэрэглэгчид төдийгүй өмчлөгчид учраас электрон засгийн газрын бодлого, хөгжлийн чиглэлийг тодорхойлох ёстой.
·         Ашиглахад хялбар, энгийн байх зарчим. ЗГ-ын мэдээллийн сүлжээг иргэдээс ашиглах ажиллагааг хөнгөвчлөх, асуудлыг авч хэлэлцэх хурдыг нэмэгдүүлэх, хүлээлтийн хугацааг багасгахад засгийн газраас батлан гаргаж буй бүх электрон шийдвэрүүд чиглэгдсэн байх ёстой.
·         Бизнес өөрчлөлтийн зарчим. Электрон засгийн газрын бүх программ хангамж, архитектур, дэд бүтэц болон бодлого засгийн газрын сүлжээнд бизнес загварын үр ашигт шинжийг бий болгоход чиглэгдсэн байх ёстой.
·         Yнэ өртөг, төвөгтэй байдлыг багасгах зарчим. Хэрэглэгчид засгийн газрын мэдээллийн сүлжээнд ажиллахад үнэ өртөг, төвөгтэй байдлыг хамгийн бага түвшинд аваачих ёстой.
·         Yйлчилгээний зарчим. Yйлчилгээний өндөр чанарыг ханган хамгийн бага зардлаар аль болох олон иргэдийг түргэн үйлчлэх боломжоор Электрон засгийн газрын ажлын үр нөлөө илрэх ёстой.
·         Шийдвэр өргөн хүрээтэй байх зарчим. Төрийн янз бүрийн байгууллагууд, нэгжүүдийн хоорондын харилцан ажиллагаа, нийцэл, нэгдлийг электрон засгийн газрын элементүүд хангаж байх ёстой.
·         Гүйцэтгэлийн зарчим. Yйлчилгээний үргэлжлэх хугацааг богиносгох, төвөгтэй байдлыг багасгах замаар электрон хэлцэл, солилцоог боловсронгуй болгох зорилгод ЭЗГ-ын элементүүд нийцэж байх ёстой.
·         Тайлагнах зарчим. Электрон хэлцэл солилцоог гаднаас болон дотоодоос хянах, мэдээллийг архивлах, тодорхой болгоход ЭЗГ-ын элементүүд үйлчлэх ёстой.
·         Ач холбогдлын зарчим. Электрон засгийн газар нь XXI зууны төрийн удирдлагын бүх загварын үндэс, сүлжээний нэгдмэл орон зай дахь гл зорилго юм.
Эдгээр зарчмуудын зарим нь Монгол улсын “Нээлттэй засаглал”, “Сайн засаглал” хөтөлбөрүүдэд тусгалаа олжээ. Манай улсын ойрын үед авч хэрэгжүүлбэл зохих нэг гол стратеги нь төрийн болон нутгийн удирдлагын байгууллагуудын нэгдсэн мэдээлэл-шинжилгээний систем бий болгох явдал юм.
Энэ систем нь яамд, агентлагийн мэдээллийн систем, сан дээр суурилах бөгөөд мэдээллийн нөөцийг нийтээрээ ашиглах дээд зэргийн боломжийг хангах ёстой.  Яамд, агентлаг, засгийн газрын бүтэц, шинжлэх ухааны байгууллага, боловсролын байгууллага, ТББ-ууд хамтран Монгол улсын эдийн засаг, улс төр, төрийн дэд бүтцийн онцлогийг харгалзан тооцсон иж бүрэн үзэл баримтлал боловсруулах шаардлагатай байна. Энэ үзэл баримтлалын хүрээнд электрон засгийн газар байгуулах зорилго, үйл ажиллагааны үе шат бүрийн зорилго, зорилт, тэдгээрийн харьцааг тодорхойлоод зарим нэгийг нь хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Тухайлбал Балтийн Эстони улсын интернетэд улсынхаа төсвийн мэдээллийг байрлуулаад электрон худалдан авалтын системийг бий болгосон байна. Ингэснээр зөвхөн ганцхан жилийн дотор электрон тендерээр дамжуулан төсвийн хөрөнгөөр худалдан авсан бараа, материал 2 сая доллараас 70 сая болтол 35 дахин нэмэгдсэн байна. Yүнтэй адил Монгол улсад юуны өмнө электрон тендер, цаасгүй бичиг баримт боловсруулалтыг (юуны өмнө нэгбүрчлэн адилтгах, баталгаажуулах шаардлагагүй баримт бичгээс эхэлнэ) нэвтрүүлэх нь эн тэргүүний зорилт болоод байна.
Одоогийн шатанд Монгол улсад гурван үндсэн бүрдэл хэсэгтэй “Монгол улсын хөгжил ба интернет” гэсэн төслийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Энэ бүхнээс дүгнэн Монголын төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, ажлын арга электрон засгийн газрын үед хэрхэн өөрчлөгдөхийг гаргаж болно. Тухайлбал засгийн газрын доторхи босоо холбоос хэвтээ хэлбэрт аажмаар шилжих хандлага гарч ирж байна. Мөн засгийн газрын мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгож төрийн байгууллагыыдын ажилд шаардагддаг үндсэн, гол өгөөдлийн сангуудыг түүнд байрлуулснаар чиг үүрэг, мэдээллийг дахин дахин олшруулах шаардлага, зэрэгцэн хийгддэг хяналт, шалгалт үгүй болох юм.
Засгийн газрын дотоод сүлжээний хэрэглэгчдэд нээлттэй, хэн нь ч хандаж болох мэдээллийн нөөцүүд мэдээллийг дамжих явцад санаатай болон санамсаргүй өөрчлөх, нуух, хуурамчаар үйлдэхээс бүрэн сэргийлдэг. Ингэж өөрчлөх боломж нь авилгал дэлгэрэх, жинхэнэ баримтыг нуун дарагдуулж өөртөө ашигтай шийдвэр гаргуулах нэг гол эх үүсвэр болдог.
Түүнчлэн G to G үйлчилгээг нэвтрүүлснээр хангагдах хяналт нь төсвийн хөрөнгийг зүй бусаар, буруу зорилгоор ашиглах, мэдээллийн дутмаг байдал, буруу зохион байгуулалтын улмаас гарч ирдэг албан тушаалаа урвуулан ашиглахаас сэргийлдэг.
G to G үйлчилгээг нэвтрүүлэхийн бас нэг шууд үр дагавар нь төрийн бүх байгууллагуудад цаасгүй, электрон баримт бичгийн боловсруулалтад шилжих явдал юм. Ингэснээр зарцуулагдах цаас, дагалдах материал, бичиг хэргийн ажилтны орон тоо, тэдний цаг маш их хэмнэгдэх боломжтой. Түүнчлэн энэ нь дунд болон дээд шатны төрийн албан хаагчдын цагийг хэмнэхийн зэрэгцээ хаанаас ч, ямар ч үед бичиг баримттай ажиллах боломжийг бий болгодог. Засварласан, боловсруулж буй баримт бичгийн төсөл сонирхсон бүх талуудад нэгэн зэрэг хүртээмжтэй байж чадсанаар тохиролцоонд хүрэх, шийдвэр гаргах ажиллагааг маш хурдасгана.
Түүнчлэн төрийн албан хаагчдын насан турш суралцах, тэр дундаа зайнаас суралцах, ингэснээр мэргэшлээ байнгаа дээшлүүлэх, шинэ мэдлэг, туршлага олж авах, хоёрдахь, гуравдахь боловсролоо эзэмших боломжийг бий болгож өгдөг. Ингэснээр төрийн албан хаагчдын мэргэжлийн түвшин хувийн салбар дахь мэргэжилтнүүдийн түвшинтэй ижил түвшинд очно. Төрийн албан хаагчдын өндөр мэргэшлийн хүчинд төрийн аппаратын орон тоог ч цөөлөх боломж бий болно. Ингэснээр төрийн албан хаагчдын цалин ч нэмэгдэх юм. Хамгийн гол нь энэ бүх үр дүнд хүрэхийн тулд электрон засгийн газрын үзэл санааг алдагдал, зарлага ихтэй автоматжуулалттай хольж хутгалгүй хэрэгжүүлэх ёстой.


Доктор. Т.Халтар

1 comment:

  1. According to Stanford Medical, It's in fact the SINGLE reason this country's women live 10 years more and weigh on average 19 KG less than us.

    (And realistically, it has absoloutely NOTHING to do with genetics or some secret-exercise and absolutely EVERYTHING to about "how" they eat.)

    BTW, What I said is "HOW", not "what"...

    Click on this link to uncover if this easy quiz can help you decipher your real weight loss possibility

    ReplyDelete