Компьютерийн мэдээллийн хүрээн дэх гэмт хэргийн ойлголт.
Т. Халтар
ШУТИС.
КтМС. Менежментийн салбар
E-mail:khaltar@csms.edu.mn
Шинжлэх
ухаан техникийн дэвшил гэмт явдлын шинж чанарыг эрс өөрчилж, ингэснээр түүнтэй
тэмцэх механизмыг ч өөрчлөх шаардлагыг тулгаж байна. Сүүлийн жилүүдэд
компьютерийн мэдээллийн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэргүүд тооны хувьд
ихсэж,төрөл нь олширч байгаагаас нотлох баримтыг олж авах шинэ аргуудын үүрэг
роль нэмэгдэж,өндөр технологийг ашиглах ирээдүйг бий болгож байна.
Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд өөрийгөө
нуун далдлах,хамсаатнуудтайгаа олон улсын түвшинд харьцах,ямар ч цэгээс(алс
зайнаас)гэмт хэрэг үйлдэх боломжийг орчин үеийн мэдээллийн дэд бүтэц олгож
байна.Мэдээллийн хүрээн дэх шинжээчдийн дүгнэж байгаагаар “мэдээллийн
нийгэмлэг”улс төр,нийгэм,эдийн засгийн хил хязгаар гэж байхгүй1.
1980-аад
оны үеэс эхлэн олон улсуудад компьютерийн мэдээлэл,өгөгдөхүү-нүүдийг эрүү болон
бусад салбар эрх зүйн заалтуудаар хамгаалах нь хангалтгүй гэсэн дүгнэлтэд
хүрчээ.Компьютерийн техник ашигласан шинэ төрлийн эрх зүйн зөрчлүүдтэй
тэмцэхийн тулд олон улсуудад компьютерийн гэмт хэрэгт хариуцлага оноох шинэ
хууль тогтоомжуудыг боловсруулан батлаад байна.
Гадаадын
эрдэмтэд,практик ажилтнууд энэ төрлийн гэмт хэргүүдийг эрүүгийн эрх зүйн
шинжлэх ухааны доторхи бие даасан төрөл гэж үзэж байна.
Компьютер ашиглан үйлдсэн гэмт хэрэг хэзээ анх гарсныг тогтооход хэцүү.
«Компьютерийн гэмт хэрэг»гэдэг нэр томъёо1960-аад оны эхэн үед электрон
тооцоолон бодох машин ашиглан үйлдсэн гэмт хэргүүдийн анхны тохиолдлуудыг
илрүүлсний дараа анх Америкийн дараа нь Европын улсуудын хэвлэл мэдээллийн
хэрэгслүүдэд бичигдэх болжээ.Хэдийгээр эхлээд криминологийн болон эрх зүйн үндэслэл байхгүй байсан ч энэ нэр томъёог хууль хамгаалах
байгууллагуудын практик ажилтнууд болон эрдэмтэд өргөн ашиглах болжээ.
Компьютерийн технологи болон олон улсын сүлжээний эрчимтэй хөгжил кибер
орчин дахь гэмт хэргүүд,түүний дотор олон улсын шинжтэй гэмт хэргүүд өсөх
үндсэн хүчин зүйл болж байна.
Одоо
хиймэл дагуулын сувгийг ашиглах теле холбооны бүх систем,хөдөлгөөнт холбооны
үүрэн систем,дүрс дамжуулах систем болон бусад системүүдэд тоон технологи
ашиглах болсноор нээлттэй сүлжээнүүд бий боллоо.Тэдгээрийн нэг нь дэлхий
нийтийн мэдээллийн орон зайг бий болгосон Internet юм.Иймэрхүү сүлжээнүүд эрх
зүйн эсрэг янз бүрийн үйлдлүүдийг үйлдэхэд ашиглагддаг суваг болж байна.
Энэ
бүхний улмаас компьютерийн гэмт хэргүүд хамгийн аюултай гэмт халдла-гуудын нэг
болж байна.НҮБ-аас гаргасан тоо баримтаас харахад компьютерийн гэмт хэргээс
учирч буй хохирол мансууруулах бодисын хууль бус эргэлтээс олдог орлоготой
тэнцэх болжээ.Зөвхөн АНУ-д иймэрхүү гэмт хэргийн улмаас учирч буй хохирол 100
миллиард долларт хүрчээ.Үүний дээр олон тохиолдолд учирсан хохирлоо илрүүлж
чадахгүй эсвэл мэдээлэхгүй байгааг тооцож үзэх хэрэгтэй. Сүүлийн үед дэлхийн
улсуудад бүртгэгдэж байгаа компьютерийн гэмт хэргүүд жил бүр өссөөр байгаа
бөгөөд компьютерийн мэдээллийн хүрээн дэх гэмт хэргүүд маш нуугдмал шинжтэй
байдгийг тооцон үзвэл тоо баримт үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй.
Компьютерийн мэдээллийн хүрээн дэх гэмт хэргүүдийг ангилах ангиллуудаас
хамгийн сайн нь Интерполын ажлын группын боловсруулсан эмхэтгэл
(кодификатор)юм.Энэ эмхэтгэлийг 1990-ээд оны эхээр бий болгосон мэдээлэл
хайлтын автомат системд ашигласан.Энэ эмхэтгэлийн дагуу компьютерийн бүх гэмт
хэргүүдийг дараах байдлаар ангилжээ.
QA - Хууль бусаар
нэвтрэх,олж авах:
QAH – компьютерийн абордаж(хууль бусаар нэвтрэх);
QAI – техникийн тусгай хэрэгслийн тусламжтайгаар
замаас нь барьж авах;
QAT – цаг хулгайлах(ашигласан төлбөрөө төлөхөөс
зайлсхийх);
QAZ – хууль бусаар нэвтрэх, мэдээллийг хууль
бусаар олж авах бусад хэлбэрүүд.
QD – Компьютерийн мэдээллийг
өөрчлөх:
QDL – логик бөмбөг;
QDT – трояны морь;
QDV – компьютерийн нян(вирус);
QDW – компьютерийн өт;
QDZ – мэдээллийг өөрчлөх бусад төрөл.
QF – Компьютерийн залилан:
QFC – мөнгөний автоматыг залилах;
QFF – компьютерээр хуурамч баримт хийх;
QFG – тоглоомын автоматыг залилах;
QFM – оруулах гаргах программ дээр арга заль хийх;
QFP – төлбөрийн хэрэгслүүд ашиглан залилах;
QFT – телефоны залилан;
QFZ – компьютерийн бусад залилан (social
engineering).
QR – хууль бусаар
хуулбарлах:
QRG – компьютерийн тоглоомуудыг;
QRS – бусад программ хангамжийг;
QRT – хагас дамжуулагч төхөөрөмжүүдийн топологийг;
QRZ – хууль бус бусад хуулбар.
QS – Компьютерийн ажиллагааг тасалдуулах:
QSH – аппаратын хангамжийг(компьютерийн ажиллагааг
алдагдуулах);
QSS – программ хангамжийг(мэдээллийг
устгах,өөрчлөх);
QSZ.- ажиллагаа тасалдуулах бусад төрөл.
QZ – Компьютерийн бусад гэмт
хэргүүд:
QZB – компьютерийн зарлалын самбарыг ашиглан
үйлдсэн;
QZE – арилжааны нууц агуулсан мэдээллийг ашиглах;
QZS – шүүхээр хянан хэлэлцвэл зохих мэдээллийг
дамжуулах;
QZZ – компьютерийн бусад гэмт хэргүүд
Интерполын дээрх ангилал эмхэтгэлээс харвал
компьютерийн мэдээллийн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэргүүд маш өргөн хүрээтэй
болжээ.Энэ эмхэтгэлд компьютерийн гэмт хэрэг гэж тооцогдсон зарим үйлдлүүд
манай улсын эрүүгийн хуулиар эрүүгийн өөр төрлийн гэмт хэргүүдэд (жишээлбэл
өмчийн эсрэг) хамаа-рагддаг.
Компьютерийн мэдээллийн орчин, хүрээ, мэдээлэл холбооны технологийн
салбар гэмт халдлагад ихээр өртөх болсныг манай улсад ч тусган авч Монгол улсын
1996 оны Эрүүгийн хуулинд “Мэдээллийн
аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”гэсэн 11 дүгээр бүлгийг анх удаа
оруулж Компьютерийн мэдээллийг хууль бусаар өөрчлөх гэсэн 153 дугаар зүйл,
Компьютерийн мэдээлэл программыг
эвдэх,сүйтгэх гэсэн 154 дүгээр зүйл, Компьютерийн
мэдээллийг хууль бусаар олж авах гэсэн 155 дугаар зүйл, Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль
бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах гэсэн 156 дугаар зүйл, Нянтай программ зохион бүтээх,ашиглах гэсэн 157 дугаар зүйлүүдийг хуульчилжээ. 2002
оны Эрүүгийн хуульд “Компьютерийн
мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”гэсэн 25 дугаар бүлгийг
оруулж Компьютерийн мэдээлэл программыг өөрчлөх,эвдэх,сүйтгэх гэсэн 226
дугаар зүйл, Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах гэсэн 227 дугаар
зүйл, Компьютерийн мэдээллийн сүлжээнд
хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах гэсэн 228 дугаар
зүйл, Нянтай программ зохион бүтээх
ашиглах гэсэн 229 дүгээр зүйлийг тус тус хуульчилжээ.
Хууль
тогтоогчийн илэрхийлсэн санаанаас үзэхэд уг гэмт хэргүүдийн үндсэн объект
нь гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл нь болж
буй компьютер биш харин нийгмийн тодорхой харилцаа юм. Энэ нь компьютерийн
мэдээллийг бий болгох, боловсруулах, хуримтлуулах, хадгалах, эрж хайх, тараах
болон хэрэглэгчид гаргаж өгөх явцад үүсэж буй мэдээллийн харилцаанууд юм.
Түүнээс гадна мэдээллийн технологи,хангалтын хэрэгслүүдийг бий болгох,ашиглах
болон хуулиар хамгаалагдсан компьютерийн мэдээллүүдийг хамгаалах явцад үүссэн
харил-цаанууд үүнд хамаарна. Харин үүний үндэслэл болох,компьютерийн мэдээлэл
гэж юу болохыг тодорхойлсон хууль эрх зүйн акт Монгол улсад хараахан байхгүй
байна. Гэхдээ Энэ ойлголтыг тодорхойлохгүйгээр уг гэмт хэргүүдийн тодорхойлолтыг
гаргах аргагүй. Дэлхийн улсуудын ”Мэдээллийн болон мэдээлэл хамгаалах” тухай
хуулиудад мэдээлэл гэдэг ойлголтыг “хүмүүс ,эд зүйлс, факт, үйл явдал, үзэгдэл
болон процесс ажиллагааны талаарх илэрхийлэгдсэн хэлбэрээсээ үл хамаарах мэдээнүүд” гэж тодорхойлсон
байдаг. Эдгээрээс компьютер, компьютерийн
систем, сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа, түүнчлэн
компьютерийн гэмт хэргүүдийг мөрдөн байцаахад ач холбогдолтой бусад
мэдээнүүдийг компьютерийн мэдээлэл
гэж үздэг.Үүнээс гадна компьютерийн мэдээллийн эсрэг гэмт хэргүүдийг ойлгож
зүйлчлэхэд мэдээлэлжүүлэлт, баримт бичиг-мэдээлэл,мэдээллийн
ажиллагаа,мэдээллийн систем, мэдээллийн нөөц, иргэдийн тухай мэдээлэл, нууц
мэдээлэл, мэдээлэл хэрэглэгч, компьютерийн программ, өгөгдлийн бааз болон
программыг өөрчлөх, зохицуулан тохируулах, устгах, эвдэх, сүйтгэх гэдэг нэр
томъёонуудыг ойлгож мэдэх нь чухал.Миний ойлгож байгаагаар мэдээлэлжүүлэлт гэдэг нь иргэд, төрийн захиргааны байгууллага,
нутгийн удирдлагын байгууллагууд, байгууллага, албан газар, ТББ-ын мэдээллийн
нөөцийг бий болгох ашиглах эрхийг хэрэгжүүлэх, мэдээллийг хэрэгцээг хангах
тохиромжтой нөхцлийг бий болгох нийгэм-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн
зохион байгуулалтын ажиллагаа юм.
Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь иргэд, байгууллага, төрийн ашиг
сонирхлын тусын тулд мэдээллийн орчныг бий болгох, ашиглах, хөгжүүлэх явдлыг
хангаж буй түүний хамгаалагдсан байдлыг
хэлдэг.
Баримт бичиг-мэдээлэл (бичиг баримт) гэж
биет зөөгч дээр бэхжүүлэгдсэн бөгөөд бүрдүүлэгч зүйлүүдийг агуулсан мэдээллийг
хэлнэ.
Мэдээллийн ажиллагаа гэж мэдээллийг
цуглуулах, боловсруулах, хуримт-луулах, хадгалах,эрж хайх болон тараах
ажиллагаа юм.
Мэдээллийн систем гэж бичиг баримт,мэдээллийн технологийн эмхлэгдэн
зохион байгуулагдсан нэгдлийг ойлгоно.
Мэдээллийн нөөц гэдэгт мэдээллийн систем дэх бичиг
баримт, бичиг барим-туудын хуримтлал, тус тусдаа хуримтлалуудыг ойлгодог.
Иргэдийн тухай мэдээлэл гэдэгт иргэний
хувийн байдлыг адилтгах боломж олгож буй түүний амьдралын үйл явдал, баримт,
нөхцөл байдлын талаарх мэдээнүүдийг ойлгож болно.
Нууц мэдээлэл гэдэгт Монгол улсын
хууль, тогтоомжийн дагуу ашиглах зөвшөөрлийг нь олгодог, хамгаалалтын дэглэм
тогтоосон баримт бичиг-мэдээллүүдийг ойлгодог.
Мэдээлэл хэрэглэгч гэж мэдээллийн
систем юмуу зуучлагчид шаардлагатай мэдээллээ олж авахаар хандаж байгаа болон
түүнийг ашиглаж байгаа субъек-туудыг хэлдэг.
Компьютерийн программ гэж компьютер
болон компьютерийн бусад төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангахад
зориулагдсан өгөгдөл болон командуудын нийлбэрийг илэрхийлэх объектив хэлбэр
юм.
Өгөгдлийн сан гэдэгт компьютерийн
тусламжтайгаар олж, боловсруулж болохоор системчлэгдсэн өгөгдлүүдийн нийлбэрийг
илэрхийлэх,зохион байгуулах объектив хэлбэрийг ойлгож болно.
Компьютер гэдэгт мэдээллийг автоматаар
боловсруулах цахим тооцоолуур машиныг ойлгоно.
Компьютерийн систем гэдэг нь нэг буюу
нилээд хэсэг нь программын дагуу ажиллаж,өгөгдлүүдийг автоматаар боловсруулж
байгаа ямар нэг төхөөрөмж болон хоорондоо холбоотой хэсэг төхөөрөмжүүд юм.
Компьютерийн өгөгдөхүүн гэж
факт,мэдээлэл,ойлголтыг компьютерийн системд боловсруулахад тохиромжтой ямар
нэг хэлбэрээр илэрхийлсэн илэр-хийлэл юм.
Компьютерийн сүлжээ гэдэгт хоёр буюу
түүнээс дээш тооны компьютеруудын хооронд мэдээлэл солилцох ажиллагааг хангаж
буй технологийн системийг ойлгоно.
Мэдээллийн автоматжуулсан систем болон
түүний технологийг хангах хэрэгсэл гэдэг нь мэдээллийн системийг зохион
бүтээх үед ашиглагдаж бий болж, түүний ашиглалтыг хангаж буй
программын,техникийн,хэл зүй,эрх зүйн болон зохион байгуулалтын
хэрэгслүүд(компьютерийн программууд,техник хэрэгслүүд, толь
бичиг,ангилал,аргачлал,дүрэм,заавар,схем,тайлбар г.м)юм.
Компьютерийн вирус(нян)буюу ”хортой программ” гэж
компьютер,түүний систем, сүлжээний хэвийн ажиллагааг хангахад зайлшгүй
шаардагдаж байдаг компьютерийн программуудын ажиллагааг алдагдуулахын тулд
тусгайлан бүтээгдсэн программуудыг хэлдэг.
Монгол
улсын эрүүгийн хуулийн заалтуудын утга агуулгаас харахад компьюте-рийн
мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн нийтлэг объект нь мэдээллийг компьютерээр боловсруулах үед үүсэж
буй нийгмийн харилцаанууд байна. Харин гэмт
халдлагын зүйл нь компьютерийн тодорхой мэдээлэл, компьютерийн тодорхой
систем болон сүлжээний өгөгдлийн сан, түүний файлууд, түүнчлэн хангамжийн
тусгай технологи, программууд, компьютерийн мэдээллийг хамгаалах хэрэгслүүд
болон бусад зүйлс байна.
Мөнгө,
бусад материаллаг үнэт зүйлс эсвэл тооцоолон бодох техникийн аппарат техникийн
хэрэгслүүд нь энэ хэргийн шууд халдлагын зүйл болж чаддаггүй. Тэрээр бусад гэмт
хэргүүдийн халдлагын зүйл болдог. Тэгэхээр компьютерийн мэдээлэл, программыг
өөрчилж, эвдэлж, сүйтгэсэн, компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авсан, компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль
бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэсэн, борлуулсан, нянтай программ зохион
бүтээж, ашиглаж, тараасны үр дүнд бусад гэмт хэргүүд үйлдэгдсэн бол гэм
буруутай этгээд эрүүгийн хуулийн бусад зүйл ангид заасан гэмт хэргүүдэд давхар
хариуцлага хүлээнэ. Үүнд дараах зүйл ангиуд орж болно.
-
Төрийн
эсрэг гэмт хэргүүд, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг компьютерийн
мэдээлэл ашиглан үйлдсэн бол(ЭХ-ийн 79,80,87,88);
-
Хүний
эрх,эрх чөлөө,алдар хүнд,нэр төрийн эсрэг гэмт хэргүүд(110,111,);
-
Иргэдийн
улс төрийн,бусад эрх,эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг(131,135,136,
140,141,144,145,148,149,150,151,152);
-
Аж
ахуйн эсрэг гэмт хэрэг(156,158,159,164,169,);
-
Захиргааны
журмын эсрэг гэмт хэрэг(233,235,);
-
Шүүн
таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг(246,247,253,257);
-
Албан
тушаалын эсрэг гэмт хэрэг(271) байна.
Үүнээс гадна эрүүгийн хуулийн бусад зүйл
ангид заагдсан нийлмэл гэмт хэргээр зүйлчлэгдэх нь байж болно. Эдгээрээс харвал
компьютер ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг цэвэр компьютерийн гэмт
хэргүүд (ЭХ-ийн 25 дугаар бүлэг) болон компьютер ашиглан үйлдэгдсэн хэргүүд гэж
ангилж болохоор байна. Цэвэр
компьютерийн гэмт хэргүүд гэдэгт компьютерт хадгалагдаж буй мэдээллүүд
халдлагын зүйл нь болж буй эрүүгийн хуулинд заагдсан нийгэмд аюултай
үйлдлүү-дийг ойлгоно. Ийм мэдээллийг хууль бусаар ашигласны үр дагавар нь янз
бүр байж болно. Тухайлбал: оюуны өмчийн халдашгүй байдлыг зөрчих, иргэдийн
хувийн амьдралын тухай мэдээллийг дэлгэх, шууд учирсан хохирол, олох байсан ашиг,
байгууллагын нэр төр алдагдах гэх мэт байж болно.Тийм ч учраас энэ төрлийн гэмт
хэргүүдийг «Нийгмийн аюулгүй байдал,хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг»
гэсэн наймдугаар хэсэгт оруулж өгчээ.
Үүнээс ургуулан үзвэл энэ гэмт хэргүүдийн төрлийн объект нь нийгмийн аюулгүй
байдал болон нийгмийн дэг журам; зүйлийн
объект нь компьютерийн мэдээллийг зүй зохистой, аюулгүй ашиглахтай
холбогдсон нийгмийн харил-цаануудын нийлбэр; шууд объект нь Эрүүгийн хуулийн зохих зүйлийн нэр болон диспозицид
агуулагдаж байгаа зүйлс байна.
Уг гэмт хэргүүдийн ихэнхийнх нь объектив тал материаллаг үр дагавартай
байхаар хуульчлагдсан байна. Өөрөөр хэлбэл зөвхөн нийгэмд аюултай үйлдэл
үйлдээд зогсохгүй нийгэмд аюултай үр дагавар учирсан байх,энэ хоёр шинжийн
хооронд шалтгаант холбоо байхыг заасан байна. Гэхдээ эдгээр гэмт хэргүүдийг
үйлдсэн хугацааг үр дагавар нь хэзээ
гарч ирснээс үл хамааран үйлдэл нь төгссөн цаг хугацаагаар тооцно.
Нийгэмд аюултай үйлдлүүд энд үйлдлийн хэлбэрээр илэрч байгаа бөгөөд зөвхөн
ЭХ-ийн 227 дугаар зүйлийн зарим заалт эс үйлдэхүйн хэлбэрээр илэрч болно.
Зөвхөн ганцхан тохиолдолд гэмт хэрэг үйлдэх аргын тухай заалт хүндрүүлэх
бүрэлдэхүүний заавал байх элемент (226 дугаар зүйлийн 2-т) болон заагджээ. 25
дугаар бүлгийн зүйлүүдийн диспозицийг шууд тодорхойлох болон иш татсан бадлаар
гаргажээ. Зарим диспозицийг хэрэглэхийн тулд мэдээллийн салбарыг зохицуулж буй
хууль,эрх зүйн актууд, компьютер ашиглах заавар, Улсын стандарт болон бусад
тусгай актуудын заалтыг авч үзэх шаардлага тулгардаг. Харамсалтай нь
«компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль» Монгол улсад байхгүй
байна.
Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын
эсрэг гэмт хэргүүдийн субъектив талыг хууль
тогтоогч зарим тохиолдолд шууд тодорхойлон гаргаагүй боловч зүйлүүдийн утга
агуулгаас ургуулан үзвэл этгээр гэмт хэргүүдийг зөвхөн санаатай хэлбэрээр
үйлдэхийг заасан байна. ЭХ-ийн 226 , 229
дүгээр зүйлүүдийг зөвхөн санаатай үйлдэнэ гэдгийг шууд зааж өгчээ.
Эдгээр гэмт хэргийн сэдэлт нь зүйлчлэхэд чухал ач холбогдолгүй бөгөөд ял шийтгэл оноох
үед л тооцогдох зүйл юм. Шунахайн эсвэл танхайн сэдэлттэй байж болохын зэрэгцээ
өс хонзон, бусад гэмт хэргээ нуун далдлах сэдэлттэй ч байж болно.
Эдгээр гэмт хэргийн зарим бүрэлдэхүүний субъект нь тусгай байж болно. Тухайлбал
ЭХ-ийн 226-ын 2-т зааснаар өөрийн албан тушаалын хувьд компьютер, компьютерийн
систем, сүлжээг ашиглах, нэвтрэн орох эрхтэй хүн тусгай субъект болно. Бусад
тохиолдолд ямарч хүн субъект болж болно.ЭХ-ийн 21 дүгээр зүйлийн дагуу 16
насанд хүрсэн хүмүүс уг гэмт хэргийн хариуцлагыг хүлээнэ. ЭХ-ийн 226-ын 2,
227-ийн 2-т заасан үйлдлүүдийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг этгээдийн
үйлдсэн гэмт хэрэг гэж тооцохын тулд ЭХ-ийн 36-р зүйлийн 3-ыг авч үзэх
шаардлагатай.
No comments:
Post a Comment